“Candy crush”-ны урхинд уначихав уу?

January 09, 2017

Бидний эргэн тойронд оршин буй ихэнх ухаалаг утастай хүмүүсийн дунд “Candy crush”-ыг тоглож үзээгүй хүн гэж байхгүй л болов уу? Зарим тохиолдолд энэ тоглоом цаг нөхцөөх шилдэг арга ч гэж хэлж болох л байх. Гэхдээ та анзаарсан уу? Та уг тоглоомыг тоглоод эхлэхэд л аль хэдийн өөрийгөө зогсоож чадахаа больсон байдаг гэдэг ээ. Түүнчлэн миний мэдэх олон хүн анх тус тоглоомыг тоглож байхдаа нойроо хугаслан байж нэг үеэс дараагийн үерүү шилжин тоглож, заримдаа бүр найз нөхдөдөө саймширч 366 дугаар үе дээр явж байгаа гэж онгирох нь олонтой.

Тэгвэл биднийг энэхүү тоглоом яагаад ингэтлээ донтуулдгийг сэтгэл судлаачид болон сэтгэцийн эмч нар олж илрүүлжээ.Үүнд:

  1. Хүн бүр үнэгүй зүйлд дуртай байдаг.

“Candy crush”-ыг анх татахад үнэгүй байдаг нь ухаалаг утастай хүн бүр тоглох боломжийг бүрдүүлдэг байна. ”Candy crush” тоглоомыг үндэслэгч “King” компаний мэдээлсэнээр 2014 оны байдлаар facebook хэрэглэгчдийн 23 хүн тутмын 1 нь уг тоглоомын хэрэглэгч болдог байна,

“Think Gaming” судалгааны байгууллагаас 2013 оны 11-р сарын байдлаар Candy crush тоглоом нь өдөрт 875382$ ашиг олдог байна. Энэхүү ашиг нь хаанаас хэрхэн орж ирдэг вэ гэхээр бидэнд бэлэглээд байдаг 5 ширхэг амь тэрхүү ашиг олох эх үүсвэр нь болдог байна. Яаж гэж үү хүмүүс бидний сул тал буюу хүлээхээс залхах тэр л мэдрэмж энэхүү ашгийг бий болгодог юм. Тоглоомын ид үед бидэнд өгсөн 5 амь дуусч  дахин тоглох тэр л амттай мэдрэмж  оргилох мөчид ихэнх хүмүүс 30 минут хүлээж тэсэлгүй амь худалдан авч тоглоомыг үргэлжлүүлдэг. Тэгэхээр үнэгүй ч асар их ашиг олдог тоглоомоор “Candy crush” дэлхийд 1-т ордог.

  1. Дараа нь яах бол гэх биднийг хүлээлгэх тэр л мэдрэмж

Хүн сэтгэлийн амьтан гэж зүгээр ч нэг хэлээгүйг сэтгэл судлаачид нотолжээ. Бид юу ч хийж байсан сэтгэл хөдлөлөөр хандаж, амьдралдаа дурсамж үлдээн өнгө нэмж байдаг. Тэдгээр өнгө бүхэн бидний сэтгэл хөдлөлийн илэрхийлэл байдаг юм. Жишээ нь гунигтай, баяр баясалтай байх, сэтгэл догдолсон мөч гэхчилэн, тэгвэл сүүлийн үед хүмүүсийн амьдралд өнгө нэмэх болсон өөр нэг зүйл нь “Candy crush” болоод байна.

“Candy crush” 2225 үетэй ба үе бүр нь өөрийн гэсэн онцлогтой. Тэр л онцлогуудыг мэдэхийн тулд хүмүүс энэхүү тоглоомыг өдөр бүр тоглохдоо нэг талаасаа шинэ үе нь ямар бол гэх сониуч зан биднийг дараагийн үе хүртэл сэтгэл догдлон хүлээлгэх мэдрэмж, нөгөө талаас үе бүрийг тэдний хувьд нөр их хөдөлмөр зарцуулж давдаг тул эдгээр нь хүмүүс “Candy crush”-д хорогдох бас нэг шалтгаан болдог.

  1. Хүн бүр их ч бай бага ч бай тодорхой хэмжээгээр магтуулах дуртай байдаг.

“Candy crush” тоглож байхад ижил чихрүүдийг олноор нь нийлүүлэх тусам таны гар утасны дэлгэцэн дээр “Sweet” эсхүл “Delicious” гэх зэрэг энгийн ч танд хүчтэй нөлөөлөх магтаалын үгс гарч ирэх нь хүмүүст таалагддаг болохыг Доктор Kimberly Young онцолжээ. Тэрээр тоглоомд донтогсодыг судалж тэдэнд тусалдаг юм.

  1. Энгийн юм шиг хэрнээ хэцүү байдаг

“Candy crush”-ыг ганц гараараа хаана ч тоглож болдог. Хүмүүс түүнийг юм идэнгээ, тэмдэглэл хөтлөнгөө ч тоглох боломжийг олгодог нь уг тоглоомд дуртай байх шалтгаан болдог. Мөн хэдхэн дүрс эвлүүлээд та ялагч болж байгаа мэт боловч үе ахих тусам хэцүү болдог нь хүмүүсийн сонирхлыг улам их нэмэгдүүлдэг байна.

  1. Хүүхэд насыг санагдуулдаг.

Хүн бүр хүүхэд байхдаа амттанд дуртай байсан болов уу тэгвэл дэлгэцэн дээр гарах олон өнгийн эгдүүтэй амттан хүн бүрийн хүүхэд насыг санагалзуулдаг билээ. Энэ нь тоглоомын бас нэг увидас юм.

  1. Бодит байдлаас зугтах боломж олгодог.

Хүн бүр амьдрал дээр хэцүү зүйлстэй тулгардаг шүү дээ. Тэр үед ихэнх хүн зугтах үйлдлийг илүү их хийдэг. Тэгвэл “Candy crush” тэдгээр хүмүүст зугтах боломжийг олгоод зогсохгүй, стрессээ тайлах нэг арга хэрэгсэл болдог байна.  Энэ нь ч “Candy crush” олон хүнийг өөрийнхөө урхинд оруулах гол шалтгаан болж байна.

Мөн “Ask Your Target Market”-ийн хийсэн “Candy crush” хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг судалсан судалгаанаас үзэхэд судалгаанд хамрагдсан 1000 хүний 32% нь “Candy crush”-аас болж ойр дотны хүмүүсээсээ хөндийрсөн, 28% нь ажлынхаа хажуугаар тоглодог тул ажлын гүйцэтгэл буурсан, 30% нь өөрсдийгөө уг тоглоомноос хамааралтай болсон гэсэн үзүүлэлтүүд гарчээ. Үүнээс дүгнэхэд бид “Candy crush”-ын урхинд өөрсдөө ордог ба түүнд өөрөө ч мэдэлгүй донтож эрүүл мэнд хийгээд бүтээлч байдалдаа сөргөөр нөлөөлөх боломжийг олгодог байна. “Candy crush”-ын ганц авууштай чанар нь магадгүй бидний стрессээ тайлах арга хэрэгсэл болдог нь юм болов уу.

Бидний эргэн тойронд “Candy crush”-ын нэгэн адил биднийг донтуулахаар өөр олон компьютер тоглоом байдаг, тэр бүр бид тэдгээр тоглоомд донтсон үгүйг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ та өөрийгөө юу гэж бодож байна, та эсвэл таны ойр дотны хэн нэгэн  компьютер тоглоомд донтсон болов уу?

Сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж

  1. Obsession engineer’s: Mind control the Candy Crush way
  2. Tami Baribea:Why Candy Crush Saga is taking over the world
  3. Candy Crush Saga: The Science Behind Our Addiction
Дэлгэцийн цаана хэн байна вэ?8 настай балчираас  80 настай хөгшид хүртэл дэлгэцийн  хамааралтай болох нь байна шүү дээ