Дэлгэцийн цаана хэн байна вэ?

December 13, 2016

Жинхэнэ зан төрх нь мөн үү, аль эсвэл зүгээр л дүр эсгэсэн хуурамч дүр төрх үү?

Заримдаа чатаар танилцсан үл таних хүнээ ямаршуу зан араншинтай хүн бол гэж бодож байсан уу? Бодит байдал дээр төсөөллөөс өөр байх болов уу? Харилцаж байсан шигээ байж чадах болов уу гэхчилэн санаа зовж байгаа бол дэлгэцийн цаана чи хэнтэй харилцаж байж болохыг тодорхойлж болохыг сэтгэл судлаачид нэгэн сонирхолтой судалгаагаар тогтоосон байна.

Маш хурдтай түгэн дэлгэрч байгаа нийгмийн сүлжээгээр дамжуулан хувь хүний зан төлвийг тухайн хүний постолсон мэдээлэл, сэтгэгдлээ бусадтай хуваалцсан байдал зэрэг мэдээллээр дамжуулан зан төлвийн  түлхүүрийн нууцыг нь тайлж болохоор болжээ.

Тодруулбал, Германы Mainz-ын их сургууль болон  Вашингтоны Санкт-Луис их сургуулийн эрдэмтэд хамтран тухайн орон нутгийн 236 нийгмийн сүлжээ хэрэглэгчийг цуглуулан тэдний нийгмийн сүлжээн дэх зан байдлыг жинхэнэ амьдрал дээрх зан төлөвтэй нь харьцуулан  тухайн хүн нийгмийн сүлжээнд хэр зэрэг өөрийн жинхэнэ дүр төрхөө илэрхийлдэг вэ гэдгийг судалж гаргажээ. Тэдний ашигласан гол тестийг “Big Five Personality” буюу “ Бие хүний таван хэв шинж”  гэдэг байна.

Уг тестийг анх Фрэнсис Гальтон суурийг нь тавьсан энэхүү судалгааны арга нь хүний онцлог шинжийг 5 хэв шинжээр тодорхойлдог бөгөөд хүний хамгийн түлхүү хэрэглэдэг үг хэллэг дээр үндэслэн тухайн хүнийг тодорхойлох боломжтой гэж үздгээс гадна  ажлын гүйцэтгэл, хувь хүний зохион байгуулалтыг хүртэл энэхүү аргаар шалгаж болдог байна. Үүнд:

  • Openness буюу Нээлттэй хэв шинж (урлагийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, гоц төсөөлөх сэтгэхүйтэй, сониуч зан),
  • Conscientiousness буюу Хариуцлагатай, ухамсарт хэв шинж (хувийн зарчимч, зорьсондоо хүрэх гэсэн хандлага),
  • Extraversion буюу Гадагшаа чиглэсэн хэв шинж (хамт олон, цочроогчид идэвхтэй хариу үйлдэл үзүүлэх энерги),
  • Agreeableness буюу Хүлцэнгүй хэв шинж (бусдыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн, бага зэрэг сэжигч талдаа,  энэрэнгүй, хамтач байх хандлага),
  • Neuroticism буюу Тогтворгүй хэв шинж  (таагүй сэтгэл хөдлөлд амархан автах хандлага) зэрэг бөгөөд дээрх 5 шинжийг хамтад нь OCEAN гэдэг.

 

Энэ загвар нь давхцалгүйгээр хувь хүн бүрийн онцлогийг судалдаг бөгөөд сэтгэл судлаачид судалгаагаа 3 хэсэг болгон явуулсан байна.

Эхлээд  нэгдүгээр багийн судлаачид судалгаанд оролцогчдоос энэхүү тестийг авч үр дүнг боловсруулан тухайн хүний хэв шинжийг тодорхойлно, дараа нь хоёрдугаар багийн судлаачид судалгаанд оролцогчдоос өөрийгөө ямар хүн байгаасай гэж хүсдгийг харгалзаж үзээд тэрхүү дүрслэлээр нь өөр нэгэн хэв шинжийг тодорхойлно, гуравдугаар багийнхан нийгмийн сүлжээнд буй мэдээллээр нь тухайн хүний бас нэг хэв шинжийг тодорхойлсон байна.

Судлаачид бодохдоо хүмүүс ихэнх тохиолдолд нийгмийн сүлжээнд өөрийн төсөөллийн дүр төрхийг ил гаргадаг байх гэж таамаглаж байтал уг таамаглал нь судалгааны үр дүнд няцаагдаж, эсрэгээрээ хүмүүс нийгмийн сүлжээнд өөрийн бодит байдлыг илүү ил болгон гаргадаг байна. Иймд нийгмийг сүлжээг ашиглан дэлгэцийн цаана буй хүний зан төлвийг тодорхойлж болох юм байна.

Үүнээс гадна таван хэв шинжийн хүмүүсийн нийгмийн сүлжээн дэх мэдээллийг судлаачид ангилж үзэхэд:

Niitlel_Page_3

Дээрхээс дүгнэж үзэхэд нийгмийн сүлжээн дэх мэдээллээр нь тухайн хүний зан төлөв, сонирхлыг тодорхойлоод зогсохгүй, тэдний хэв шинжийг ашиглан маркетинг зар сурталчилгааг ч хийж болохоор болсон байна. Гэхдээ энэ нь хувь хүний нууцыг илчлэх нэг арга зам болохыг ч үгүйсгэхгүй юм.

Сонирхуулахад нийгмийн сүлжээнд урт нэртэй хүн Neuroticism буюу Тогтворгүй хэв шинжийн хүн байх магадлал тун өндөр байдаг байна.

 

Сэтгэл зүйч Д.Пүрэвсүрэн

Мэдээллийн эх сурвалж:

  • M. Back, J. Stopfer, S. Vazire, et al, 2010. Facebook Profiles Reflect Actual Personality, Not Self-Idealization. Psychological Science, 21(3): 372.
  • T. Ryan, S. Xenos, 2011. Who uses Facebook? An investigation into the relationship between the Big Five, shyness, narcissism, loneliness, and Facebook usage Computers in Human Behavior. 27(5): 1658-1664.
  • J. Golbeck, C. Robles, K. Turner, 2011. Predicting Personality with Social Media. Proceedings of the 2011 annual conference extended abstracts on Human factors in computing systems.
  • P. Rentfrow, S. Gosling, 2003. The do re mi’s of everyday life: The structure and personality correlates of music preferences. Journal of Personality and Social Psychology, 84(6): 1236–1256.

 

 

 

ИНТЕРНЕТ БОЛЗОО“Candy crush”-ны урхинд уначихав уу?