ИНТЕРНЕТ БОЛЗОО

November 22, 2016

Интернет болзоо нь зөвхөн насанд хүрэгчдэд хамаатай асуудал биш болоод удаж байна. Анх “yahoo messenger”-ийг хэрэглэх болсон үеэс л эхлэн өсвөр насныхан цахим ертөнцийг ашиглан хоорондоо болзох болсон. Түүнчлэн сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ өргөжихийн хэрээр өсвөр насны хүүхэд залуус янз бүрийн програм ашиглан бие биетэйгээ танилцах нь эрс нэмэгдэж байна. Мөн залуусын хэрэглэдэг програмын арга техник нь нарийсаж өөрийн байгаа газрын GPS-ийг ашиглан эргэн тойронд байгаа хүмүүст танилцах хүсэлтээ илгээхэд л маш олон хүнтэй танилцах боломжтойгоор барах уу, бараг л сонголт хийж чатлах боломжтой болсон.

Яагаад өсвөр насны хүүхэд залуус интернет болзоонд ингэж их дурладаг вэ гэхээр тэдний сэтгэл зүйн онцлогтой шууд холбоотой юм.

  1. Өсвөр насны хүүхэд залуус суралцах чадвар өндөр байдаг тул аливаа шинэ техник технологийг сурахдаа гарамгай байдаг, зарим тохиолдолд технологийн мэдлэгээрээ эцэг эхээсээ ч илүү байж, тэдэнд зааж, зөвлөх тохиолдол ч байдаг.
  2. Сониуч зан их байдаг учир шинэ зүйлсийг туршиж үзэх, аливаа зүйлийн үр дагавар нь ямар байхыг нягталж үзэлгүйгээр хийж үздэг, энэ байдал нь заримдаа муу нөлөөтэйг үл хайхардаг байна.
  3. Өсвөр насныхан сэтгэл зүйн хувьд гэнэн, сэтгэл хөдлөл их, сэтгэл хөдлөлдөө автамхай байдаг тул дурламтгай байдаг. Тийм ч учраас дэлгэцийн ард хэн байхаас үл хамааран сохроор хайрын бурхны сум өөрийг нь харвалаа гэж боддог.
  4. Энэ насныхны харилцааны гол онцлог нь эцэг эхтэйгээ өөрийн хувийн нууц болон аливаа асуудлаа ярилцаж шийдвэрлэхээс илүүтэй үе тэнгийн хүүхэд залуусаас дэмжлэг авах сонирхолтой байдаг. Танихгүй хэн нэгэнтэй чатлахдаа магадгүй бүр илүү нээлттэйгээр харилцах байдал их ажиглагддаг. Шинэ танилтай болох нөхцөлийг цахим ертөнц илүү хангаж өгч байдаг учраас интернет харилцаа үүсгэх сонирхолтой байдаг.
  5. Үе тэнгийнхнээ даган дуурайх нь мөн л энэ насны хүүхдүүдийн нэг онцлог. Тийм ч учраас өсвөр насныхны дунд ямар нэг шинэ зүйл дэлгэрлээ гэхэд түүнийг бүгд туршиж үздэг, интернет болзоо ч тэрний нэгэн адил одоо өсвөр насныхан дунд моод болж хувираад байна.

Иймд интернет болзооны талаар хэдэн баримт дэлгэе.

Интернетээр заавал үнэнгээ хэлэх албагүй гэсэн дүрэм үйлчилдэг.

Мичиганы их сургуулийн Николл Эллисон (Nicole B.Ellison) тэргүүтэй цахим  хэрэглээ судлаачид хүмүүсийн онлайн болзоонд ашигласан хувь хүний мэдээлэл хэр үнэн бодит болохыг судалсан байна. Судалгаанаас харахад судалгаанд оролцогчдын 94% нь өөрийн профайлдаа их бага хэмжээгээр худал мэдээлэл бичсэнээ илчилжээ. Ялангуяа нас, өндөр, жин гэхчлэн мэдээллийг худлаа хэлэх нь элбэг байдаг байна.

Интернетийн дүр бол хүмүүсийн төсөөллийн хамгийн сайн хувилбар юм.

2010 онд нэгэн онлайн болзооны цахим сайт 7000 хүний цахим мэдээлэлд судалгаа хийхэд хүмүүс өөрийн бодит амьдралыг цахим хуудсандаа дэлгэхээс илүү цахим хуудсандаа өөрийн төсөөллийн дүрийг бүтээх дуртай бөгөөд өөрийн зургаар дамжуулан сэтгэгдлээ бичихдээ бодит байдлаас 4 дахин илүү яруу сайхан байдлыг дүрсэлсэн байдаг байна.

Интернет болзоо нь жинхэнэ болзоо биш

Интернетээр танилцаж болзох хүсэлтэй байгаа хүмүүсийн 68% нь эмэгтэйчүүд, 39% нь эрчүүд эзэлж байна. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд интернет болзоогоор дамжуулан өөрийн жинхэнэ хайртайгаа учрахыг хүсч тэр хэмжээгээрээ уг болзоонд ач холбогдол өгч хүлээлт үүсгэдэг. Харин эрчүүд интернет болзоонд тийм ч их ач холбогдол өгдөггүйгээр барах уу ихэнх тохиолдолд зугаа цэнгэл болгож ашигладаг нь ажиглагджээ.

Интернет болзоогоор дамжуулж гэмт хэрэг үйлдэх сайхан завшаан бий болдог.

Сүүлийн үед дэлхий нийтээр нийгмийн сүлжээндээ өөрийн мэдээлэл болон нууцлахыг хүсч буй зүйлсийг бүү тавиач гэж сэрэмжлүүлж байгаа бөгөөд эдгээр мэдээлэл нь гэмт хэргийн золиос болох магадлалыг ихэсгэдэг байна. Албан бус мэдээгээр Монгол Улсад цахим гэмт хэрэгт өртөгсдийн 48% нь өсвөр насныхан байгаа ба 12-17 насны хүүхдүүд  өртөж байна. Ихэнх тохиолдолд өсвөр насны охид цахим сүлжээгээр танилцсан хүнтэйгээ болзсоноор хүний наймааны гэмт хэргийн золиос болж байна. Хэчнээн холбогдох байгууллагуудаас анхааруулга, сэрэмжлүүлэг харамгүй өгдөг ч уг цахим гэмт хэргийн тоо буурахгүй байна.

Мэдээж хэрэг нийгмийн сүлжээгээр дамжуулж олон найз нөхөдтэй болох бололцоо нээгдэж, хүмүүс хоорондын харилцаа холбоог илүү хялбаршуулж байгаа ч өсвөр насны хүүхэд залуус  цахим болзоонд явахаар зэхэж байвал илүү хянуур болгоомжтой байх нь илүүдэхгүй. Тиймээс та бүгд дараах зүйлсийг  болзоонд явахаасаа өмнө хийгээрэй.

  1. Дэлгэцийн цаана хэн байж болохыг шалгаж үзэх хэрэгтэй. Нийгмийн сүлжээгээр дамжуулан тухайн хүний хувийн мэдээллийг хайж үзэж болно. Жишээ нь facebook acount-ийн шинэ эсвэл хуучин хэрэглэгчийн аль нь болохыг постыг нь шалгах замаар мэдэж болно.
  2. Онлайнаар танилцсан шинэ танил тань дөнгөж танилцаад удаагүй байхдаа хувийн мэдээллийг тань хэт их сонирхох эсвэл тантай уулзахыг шавдуулж байвал цаашид харилцахгүй байх хэрэгтэй. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа хүн илүү яаруу, адгуу байх нь элбэг байдаг.
  3. Болзоондоо явахаасаа өмнө өөрийн дотны хэн нэгэнд /аав, ээж, эгч, ах, найз нөхөд/ хаана, хэнтэй уулзахаар явж байгаагаа мэдэгдэх.
  4. Болзооны газар товлохдоо аль болох олон нийтийн газар байвал тохиромжтой, болзох явцад болзсон хүн тань өөр газар очихыг санал болговол аль болох уг саналаас нь татгалзаарай. Үүнээс гадна өөрийн утасны GPS-ийг асааж location- байршлаа бусдад мэдэгдэх нь чиний аюулгүй байдлыг хангах нэг арга юм.
  5. Хэрэв чи өөрөө хүсвэл өөрийн сайн найзын нэгийг болзоондоо дагуулж очих ч бас зүгээр санаа шүү.

 

Сэтгэл зүйч Д. Пүрэвсүрэн.

Мэдээлэлд ашигласан материал:

Олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг тавихдаа анхаарах зүйлсДэлгэцийн цаана хэн байна вэ?