Олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг тавихдаа анхаарах зүйлс

September 20, 2016

Олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг тавихдаа анхаарах зүйлс

Олон нийтийн сүлжээ нь биднийг зураг, бичлэг, үг өгүүлбэр болон сэтгэл хөдлөлөө хуваалцах боломжийг олгодог. Бид биеэр уулзах боломжгүй, эсвэл хэзээ ч танилцахгүй байсан хүмүүстэй холбогдож, тэдний санаа бодлыг сонсох, танилцаж найзлан нөхөрлөх, олон талын харах өнцөг, мэдээллийн эх сурвалжтай байх зэрэг олон давуу талыг цахим орчин бидэнд олгодог. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд зураг, бичлэг тавих нь найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ дурсамжтай мөчөө хуваалцах сайхан арга боловч хүүхдийнхээ болон хувийн зургуудаа олонд дэлгэхэд эрсдэл бий. Эдгээр эрсдлээс сэргийлэхийн тулд анхаарч байх хэдэн зөвлөгөөг хүргэе.

Олон нийтийн газар болон хувийн орон зай

Хэрэв та олон нийтийн газар байгаа (жишээ нь музей) бол зураг авахыг зөвшөөрдөг эсэх, та зурганд орсон хүмүүсийн зургийг бусадтай хуваалцаж болох эсэхийг мэдэх хэрэгтэй. Мөн хурим, хүүхдийн үсний найр зэрэг олон хүн цугласан арга хэмжээ зохиож байгаа бол зургаа олон нийтийн сүлжээнд тавихыг зөвшөөрөх эсэхээ урьдчилан мэдэгдээрэй.

Нийтлэхээсээ өмнө бод

Нэгэнт интернетэд тавигдсан зураг, бичлэгийг бусдад тараах, хувилах, өөрчлөн ашиглах боломж бусдад бий болдог. Иймд хянаж чадахгүй болохоосоо өмнө сайтар эргэцүүл.

  • Хэн хэн энэ зургийг үзэх боломжтой байх вэ?
  • Энэ зурганд өөр хүмүүс бий юу? Тэд зургаа интернетэд тавиулахыг хүсч байгаа юу?
  • Энэ зураг хэн нэгнийг доромжилсон өнгө аястай юу? эсвэл олон нийтийн доог тохуу болгох? зэргийг дэнслээрэй.

Түүнчлэн хүүхдүүдийн талаархи мэдээлэлтэй зураг эсэхийг сайн бодох хэрэгтэй. Ийм төрлийн зураг нь цахим орчинд илүү эрсдэл дагуулдаг болох нь батлагдсан билээ.

Тохиргоо

Зураг, бичлэгээ нийтлэхдээ тухайн төхөөрөмж болон олон нийтийн сүлжээний тохиргоогоо шалгаарай. Хэн таны зургийг үзэж болох эсэхийг та тохиргоондоо зааж өгч болно.

Зураг, бичлэг хуваалцах өөр арга замууд

Дараах аргуудыг хэрэглэснээр та бусадтай зураг, бичлэг хуваалцахдаа илүү хяналттай байж чадна. Үүнд:

  • И-мэйлээр зургаа хуваалцах
  • Нууц үг, хаяг ашиглаж байж зураг үзэх боломжтой болдог, аюулгүй портал ашиглах
  • Утасны мессежээр зураг явуулах.

Байршил

Зургаа нийтэлснээр та өөрийн байршлыг бусдад мэдээлж байх магадлалтай. Хэрэв ингэхийг хүсэхгүй байвал ашиглаж буй төхөөрөмж дээрх GPS-ийг унтраах, ямар аппликейшн таны байршлын мэдээллийг авдгийг шалгаж, унтраах гэх мэт сонголт бий.

Олон нийтийн сүлжээ ашиглах журам

Аливаа хувь хүнээс гадна сургууль, цэцэрлэг болон бусад байгууллагууд өөрсдийн гаргасан амжилт, явуулж буй үйл ажиллагаагаа бусдад сурталчилж, таниулах хүсэлтэй байдаг. Нийтэлж буй зураг, бичлэг бусад хүмүүсийн эрх ашгийг хөндөөгүй гэдгийг баталгаажуулахын тулд байгууллагадаа холбогдох журам, зөвшөөрөл авах зохицуулалт хийж болох юм. Уг журамд тусгах шаардлагатай мэдээллүүд:

  • Танай байгууллага олон нийтийн сүлжээнд хэрхэн хандаж, зохицуулахыг тодорхойлох
  • Олон нийтийн сүлжээг хэрхэн ашиглах болон ашиглахгүй байх талаар тодорхой байлгах
  • Бусдыг дээрэлхэх, дарамт шахалт үзүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, ингэсэн тохиолдолд авах арга хэмжээг тусгах
  • Олон нийтийн сүлжээн дэх хаягийг хэрхэн хянах үйл явц
  • Байгууллагын лого, бренд нэрийг хэрхэн ашиглах тухай
  • Ажилчид олон нийтийн сүлжээ яаж ашиглах тухай байгууллагын баримталдаг зарчим
  • Хүүхдийн зураг, бичлэг нийтлэх, тараах явдлыг байгууллага хэрхэн зохицуулах тухай.

Мөн эдгээр журмыг уншиж, хүлээн зөвшөөрсөн гэдгээ мэдэгдэх механизм шаардлагатай.

Тэгээд ч олон нийтийн сүлжээ буюу фейсбүүк, твитр нь нэг л төрлийн платформ, хэрэглээ учир зөв хэрэглэж аюулгүй байдлыг хангах нь ихээхэн  чухал юм.

Ухаалаг утас хэрэглэдэг ухаалаг бус эцэг эхИНТЕРНЕТ БОЛЗОО