Дэлгэцийн гэрлийн хор уршиг

July 27, 2016

Гэрэл цахилгаан бүтээх хүртэл гэрэлтүүлгийн гол эх үүсвэр нар байсан бөгөөд хүмүүс оройг ихэвчлэн харанхуйд л өнгөрөөдөг байсан билээ. Гэтэл одоо унтах хүртлээ бидэнд гэрэлтэй байх боломж бий бөгөөд энэхүү давуу талаа бид бараг анзаарахаа больжээ.

Гэхдээ гэрэлтэйд өнгөрөөдөг энэ их цагаа бид эрүүл мэндээрээ төлж байна гэвэл та яах вэ? Шөнийн цагаар гэрэлд байх нь хүний биоритмийг гажуудуулдаг. Нойронд өөрчлөлт оруулдаг. Зарим судалгаагаар хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчин, таргалалтанд ч нөлөөлж байгаа нь тогтоогдсон.

Гэхдээ бүх гэрэл адилхан нөлөөлдөггүй. Хамгийн их нөлөөтэй нь цэнхэр долгион байдаг байна. Энэ нь анхаарлыг сайжруулж, хариу үйлдэл үзүүлэх үзүүлэх хугацаа, сэтгэл хөдлөлд сайнаар нөлөөлдөг учир өдрийн цагаар ач тустай ч шөнө хамгийн сөрөг нөлөөтэй юм. Бид том дэлгэцтэй цахилгаан хэрэгсэл ихээр хэрэглэх, эрчим хүчинд хэмнэлттэй гэрэл ашиглах нь цэнхэр гэрэлд өртөх өртөлтийг нэмж байдаг.

Гэрлээс хамааралтай хоногийн ритм

Хүн бүрийн хоногийн ритм ялгаатай ч дундаж нь 24,3 цаг байдаг. Оройтож унтдаг хүмүүсийн ритм үүнээс арай урт байдаг бол эртэч шувуухайнуудынх 24 цагаас бага байдаг. Харвардын Анагаах Ухааны Сургуулийн доктор Чарльз Чейзлерийн 1981 онд тогтоосноор нарны гэрэл нь хүний дотоод цаг буюу биоритмийг орчин тойронтой уялдуулдаг байна.

Шөнийн гэрлээс үүдэх эрүүл мэндийн эрсдэл

Шөнийн ээлжинд ажиллах, шөнө гэрэлтэйд тогтмол байх нь олон төрлийн хавдар, чихрийн шижин, зүрхний өвчин, таргалалттай холбоотойг баталсан олон судалгаа бий. Гэрэлд байх нь хоногийн ритмд нөлөөлдөг даавар болох мелатонины ялгарлыг дарангуйлдаг ба мелатонины хэмжээ бага байх нь хавдар үүсгэх магадлалтай.

Харвардын нойрны судлаач Стефен Локлигийн үзэж буйгаар маш бага хэмжээний гэрэл ч (ширээний чийдэнгийн гэрлээс бага зэрэг илүү) хүний ритм, мелатонины ялгаралд нөлөөлдөг байна. Олон хүмүүс хангалттай нойрсож чаддаггүйн нэг шалтгаан нь шөнө гэрэлтэй байх бөгөөд нойр хангалтгүй байх нь сэтгэл гутрал, чихрийн шижин, зүрх судасны өвчтэй холбоотойг Локли болон бусад судлаачид хэлжээ.

Бүх төрлийн гэрэл мелатонины ялгарлыг дарангуйлах ч хамгийн хүчтэй нөлөөтэй нь цэнхэр гэрэл. Ижил хэмжээний гэрэлтүүлэгтэй цэнхэр болон ногоон гэрлийг харьцуулж, 6.5 цагийн өртөлтийн нөлөөг хэмжихэд цэнхэр гэрэл нь мелатонины ялгарлыг 2 дахин илүү дарангуйлж, хоногийн ритмийг илүү өөрчилж (3 цаг болон 1.5 цагаар) байсан судалгааг Харвардын судлаачид хийжээ.

Торонтогийн их сургуулийн судлаачдын хийсэн бас нэгэн судалгаагаар хурц гэрэлтэйд цэнхэр гэрлээс хамгаалах шил зүүсэн болон ердийн гэрэлд шилгүй байсан хүмүүсийн мелатонины түвшинг харьцуулжээ. Хоёр бүлгийн дааврын хэмжээ ижил түвшинд байсан нь цэнхэр гэрэл мелатониныг бодитой дарангуйлагч гэдгийг баталсан юм. Мөн шөнийн ээлжнийхэн, эсвэл шөнө унтдаггүй «шар шувуу»-нууд цэнхэр гэрлийг хаадаг нүдний шил зүүснээр өөрийгөө хамгаалж болох магадлалтайг харуулжээ. Улбар шар өнгөтэй, өндөр үнэтэй биш шил цэнхэр гэрлийг хаах боловч бусад өнгийг ч гэсэн хаадаг тул дотор зүүхэд тохиромжгүй.

Таны авч болох арга хэмжээ:

  • Шөнийн гэрэлтүүлэгт бүдэг, улаан гэрлийг ашигла. Улаан гэрэл нь хоногийн ритмд хамгийн бага нөлөөлж, мелатониныг дарангуйлах нь бага байдаг гэрэл юм.
  • Оронд орохоос 2-3 цагийн өмнөөс хурц гэрэлтэй дэлгэц ширтэхээс зайлсхий.
  • Хэрэв та шөнийн ээлжинд ажилладаг эсвэл шөнө цахилгаан хэрэгсэл их ашигладаг бол цэнхэр гэрлээс хамгаалдаг шил хэрэглээрэй.
  • Өдрийн цагаар хурц гэрэлд их байснаар шөнө унтах чадвараа сайжруулахаас гадна өдрийн цагаар сэргэг, сэргэлэн цовоо байх болно.

 

Ц.Цэрэндолгор

Технологитой харьцахад гаргадаг эцэг эхчүүдийн 3 алдааУхаалаг утас хэрэглэдэг ухаалаг бус эцэг эх