Цахим орчинд хүүхдийг хамгаалах

September 26, 2015

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын техник технологийн хурдацтай хөгжил, шинэчлэлийг даган шинэ төрлийн зохицуулалт, дүрэм журам шаардагдаж буй олон асуудал урган гарч байгаа бөгөөд дэлхий нийтээрээ анхаарал хандуулах болсон зүйл нь хүүхдийг цахим орчинд хамгаалах тухай асуудал билээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ)-аас 2008 оны 11 дүгээр сард Дэлхийн кибер аюулгүй байдлын хөтөлбөр (Global Cybersecurity Agenda)-ийн хүрээнд Хүүхдийн цахим орчинд хамгаалах (Child Online Protection – GOP) санаачлагыг дэвшүүлсэн байдаг. Энэхүү санаачлага нь мөн 2008 онд Нэгдсэн үндэсний байгууллага, түүний гишүүн орнууд болон салбар байгууллагуудын удирдлага, олон улсын байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Энэхүү санаачлагаар цахим орчинд түгээгдэж буй аливаа сөрөг мэдээлэл, түүний нөлөөллөөс бага болон өсвөр насны хүүхдийг хамгаалах, тэдэнд энэ чиглэлээр шаардагдах мэдээ мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн зөвлөмж зөвлөгөө боловсруулах, үүнд эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, техникийн хувьд хяналт тавих боломжийг бүрдүүлэх зэрэг ажлуудыг дэлхийн улс орнуудад уриалсан билээ. Ийнхүү дэлхийн олон оронд хүүхдийг цахим орчинд хамгаалахтай холбогдуулан олон санал санаачлагуудыг дэвшүүлэн ажил хэрэг болгон ажиллаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь ОУЦХБ-ын хөгжлийн салбарын гишүүн байгууллагын хувьд энэхүү санаачлагыг бусад улс орнуудын адил дэмжин, үйлчилгээ эрхлэгчдэд энэ чиглэлээр зөвлөмж зөвлөгөө өгөх, өөрийн цахим хуудаст хэрэглэгчийн булан нэртэй цэс үүсгэн Хүүхдийг цахим орчинд хамгаалах тухай уриалгыг орчуулан нийтэлж, олон нийтэд түгээх зэргээр ажиллаж ирсэн. Харин энэхүү уриалга, санаачлагыг илүү өргөжүүлж, ажил хэрэг болгон цаашид эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид төдийгүй бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, компаниуд, үйлчилгээ эрхлэгчид болон иргэдийн оролцоог энэ ажилд нэмэгдүүлэх зорилгоор www.cybersafety.mn цахим хуудсыг тусгайлан үүсгэн хөгжүүлж хүүхэд багачууд, өсвөр насныхан, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчдэд цахим орчны аюулгүй байдал, цахим тоглоом, интернетийн зүй зохистой хэрэглээний тухай энгийн ойлгомжтой мэдээ мэдээллийг түгээх, хүргэх зорилгоор ажиллуулж эхэлж байгааг мэдээлэхэд таатай байна.

Бидний бэлтгэсэн мэдээ мэдээлэл, олон улсын байгууллагуудаас гаргасан санал санаачлагуудын орчуулга, бусад орны энэ чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын тухай туршлага солилцох мэдээллүүд болон судалгааны зарим материал нь та бүхэнд цахим орчны аюулгүй байдал, тэр дундаа хүүхдийг энэ орчинд хэрхэн хамгаалах талаар мэдлэгт нэмэр болно гэдэгт найдаж байна.

Мөн бид цаашид энэхүү цахим хуудсыг сайжруулах, мэдээ мэдээллийг тухай бүр шинэчлэх талаар идэвх санаачлагатай ажиллаж бөгөөд иргэд, байгууллага, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч хүн бүрийн санал сэтгэгдлийг хүлээн авч ажиллахдаа баяртай байх болно.

Хүүхдийн тусламжийн утас “108”Спам гэж юу вэ?